Хугацаа сунгах

Боломжтой. Гэхдээ та нэг улсад нэг удаа л 1 жилийн хугацаатай Au Pair-аар байж хэл сурах боломжтойг анхаарна уу. Харин Европын өөр оронд дахин 6 сараас 1 жилийн хугацаатай Au-Pair-аар байх боломжтой.

Хүүхэд асрагч (AU-PAIR)-аар ажилласны дараа виз сунгах дараах боломжууд байдаг

Та Герман улсад 1 жилийн хугацаатай Au Pair-аар байгаа бол дараа жил нь герман хэлээр ярьдаг Австри эсвэл Швейцар улсад дахин 1 жилээр Au Pair-аар байж Герман хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэн сурах боломжтой. Ингэхийн тулд та заавал Монголдоо буцан ирэх шаардлагагүй тухайн улсын элчин сайдын яамнаас албан ёсоор виз хүснэ. Олон улсын Au Pair хөтөлбөрийг тухайн улсын аль нэг яамны дэргэдэх газар, агентлаг хариуцдаг тул таны ямарваа нэгэн эрх зөрчигдсөн гэж үзвэл тухайн улсын зохих шатны байгууллагад хандахад хангалттай.

Герман улсад Хүүхэд асрагч (AU-PAIR) хугацаа дуусахаас өмнө хэлний курс суралцахаар оршин суух виз мэдүүлэх боломжтой. Үүний тулд хэлний сургуульд суралцахаар бүртгүүлсэн баримт, Герман улсад мөрддөг батлан даалт маягт эсвэл германы аль нэг банкинд нэг сарын 670 Еврогоор бодож 1 жилийн баталгаа болох 8040 Еврог дансандаа байршуулсан байх шаардлагатай.

Герман улсын их дээд суралцах хүсэлтэй байгаа бол Дээд Боловсролын Хяналтын Алба (APS) таны бичиг баримтыг шалгасан байх шаардлагатай. Дээд Боловсролын Хяналтын Алба (APS) нь Холбооны Соёлын Яамны бага хурлаас германы их, дээд сургуульд суралцах гадаадын иргэдэд зориулан 2006 онд гаргасан удирдамжийн дагуу тухайн оюутны монголд суралцсан бичиг баримтыг хянан шалгаж, ярилцлага авах үүрэг бүхий байгууллага юм.